УХШХ-ны тухай

Монголын Улс хоорондын шуудангийн холбоо (Mongolian International Postal Association, MIPA) нь 2016 онд байгуулагдсан бөгөөд улс хоорондын шуудан, дотоодын шуудан, буухиа шуудан болон терминалын үйлчилгээ эрхэлдэг 40 гаруй гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэн, Монгол Улсын шуудангийн салбарын хөгжил, хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байна.

Холбоо нь гишүүн байгууллагуудын хууль ёсны эрх ашиг, нийтлэг зорилтыг хамгаалж, төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагын өмнө тэднийг төлөөлөн ажилладаг. Мөн шуудангийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн бодлогын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Үүнээс гадна, гишүүн байгууллагуудаа мэдээлэл, сургалт, зөвлөгөөгөөр хангах, шуудангийн үйлчилгээний чанарыг сайжруулах, олон улсын жишиг стандартуудыг нэвтрүүлэх, хүний нөөцийг мэргэжлийн түвшинд бэлтгэх зэрэг өргөн хүрээний ажлыг зохион байгуулж байна.

УХШХ нь Монгол Улсын шуудангийн салбарын тогтвортой хөгжил, шударга өрсөлдөөн, авлигаас ангид орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ олон улсын шуудан, ложистикийн сүлжээнд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.