Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм
2016-06-07

Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 2 дугаар сарын 6-ны
 өдрийн 30 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм

 Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү дүрэм нь Шуудангийн тухай хуулийг хэрэгжүүлэх, шуудангийн үйлчилгээ, технологи, үйл ажиллагааг зохион байгуулах, шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч, түрээслэгч болон өөрийн сүлжээ бүхий шуудангийн үйлчлэгчид болон үйлчлүүлэгчдийн (иргэн, аж, ахуйн нэгж, байгууллага) хоорондын харилцааг зохицуулна.
1.2. Улс хоорондын шуудангийн үйлчилгээтэй холбогдсон харилцааг Монгол улсын олон улсын гэрээнд энэ дүрэмд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хоёр. Шуудангийн үйлчилгээ

2.1. Шуудангийн үндсэн үйлчилгээнд энэхүү дүрмийн хүрээнд зохицуулагдах шуудангийн илгээмжийг хүлээн авах, дамжуулах, гардуулах үйл ажиллагаа, шуудангийн марк, үнэт цаасны эх зураг зохион хэвлүүлж, гадаад, дотоодын зах зээл дээр борлуулах, шуудангийн хайрцаг ажиллуулах, тогтмол хэвлэлийн захиалга хүлээн авах, хүргэхээс гадна Шуудангийн тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан болон Дэлхийн шуудан холбооны конвенци бусад олон улсын гэрээгээр зөвшөөрөгдсөн үйлчилгээ хамаарагдана.
2.2. Шуудангийн тухай хуулийн 4.1-д заасан үйлчлэгч нь хуульд заасан журмын дагуу дараах нэмэгдэл үйлчилгээ үзүүлж болно:
2.2.1. шуудангийн илгээмжийн хаяг, мэдэгдэл, бланк маягтуудыг бичих, илгээлт, боодлыг боож, савлах (хайрцаглах), илгээлтийн хайрцаг, уут, боодлын цаас бэлтгэж борлуулах;
2.2.2. цахилгаан холбооны зарим үйлчилгээг гэрээний дагуу үзүүлэх (телефон яриа, электрон үйлчилгээ гэх мэт);
2.2.3. илгээмжийн худалдаа (үйлчлүүлэгчдийн захиалгаар өргөн хэрэглээний барааг хаягт эзэнд нь хүргэж гардуулах үйлчилгээ);
2.2.4. төрөл бүрийн акц, хонжворт сугалаа, ном товхимол, календарь, тэмдэглэлийн дэвтэр борлуулах ;
2.2.5. зарим төрлийн мэдээллийн лавлагааг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргэх ;
2.2.6. шуудангийн маршрут, чиглэлийн дагуу автомашины даацанд
 тохируулан


2.2.7. шуудангийн илгээмжийн гардуулалтын лавлагааг тогтоосон хугацаанаас өмнө хийж, үйлчлүүлэгчид мэдэгдэх;
2.2.8. улс хоорондын шуудангийн хариултын купоны үйлчилгээ;
2.3. Шуудангийн үйлчилгээний төрөл, зориулалт, түүнийг үйлчлүүлэгчид хүргэхтэй холбогдсон харилцаа нь Шуудангийн тухай хуулийн 4-р зүйлийн 2 дахь хэсэг, 10,11,12,13,14 дүгээр зүйлүүдээр зохицуулагдана.
2.4. Шуудангийн үйлчилгээний хамрах хүрээг үйлчлэгчийн санал, холбогдох судалгааг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хавсралт гэрээгээр тогтооно.
2.5. Шуудангийн үйлчилгээнд Шуудангийн тухай хуулийн 20-р зүйлд заасан хугацааг баримтлах бөгөөд үйлчлэгч өөрийн сүлжээний дамжуулах чадвар, үйлчилгээний хамрах хүрээнээс хамааруулан өөрийн хугацааг хуульд заасан хугацаанаас цөөн хоногоор тогтоож болно.
2.6. Үйлчлэгч хугацаагаа шуудангаар үйлчлүүлэгчид ил тод байлгах бөгөөд сүлжээ эзэмшигч үйлчлэгч нь бусад үйлчлэгчтэй харилцан холболтын гэрээг ижил нөхцлөөр байгуулж, өөрийн хугацаагаа баримтална.
2.7. Үйлчлүүлэгч нь гадаад улс орноос манай улсад оршин суугчийн хаягаар захидал явуулахдаа хүлээн авагчаас илгээх хариу захидлын төлбөрийг хийхэд нь зориулан энгийн захидлын агаарын тарифтай тэнцэх шуудангийн маркаар солигдох боломжтой төлбөрийн хэрэгсэл болох улс хоорондын шуудангийн хариултын купоныг захидлын хамт илгээж болно.
2.8. Улс хоорондын шуудангийн хариултын купоныг мөнгөөр солихыг хориглох бөгөөд хэрэв купон нь хуурамч, хүчингүй нь тогтоогдвол үйлчлэгч хүлээн авахаас татгалзах эрхтэй.
2.9. Нэг явуулагчаас нэг буюу хэд хэдэн хүлээн авагчид олон тооны илгээлтийг нэг удаагийн явуулалтаар илгээх группилгээлтийг Consingment буюу бөөн илгээлт гэж нэрлэх бөгөөд улс хоорондын бөөн илгээлтийн үйлчилгээг хоёр улсын хооронд гэрээ байгуулсны үндсэн дээр явуулна.
Энэхүү үйлчилгээнд тусгай таних тэмдэг хэрэглэнэ.
Consingment- гэдэг үгийг цэнхэр өнгөөр дунд нь бичиж, 3 тууш зураасыг улаан, цэнхэр, ногоон өнгөөр 2 талд ялган зурж дор дурьдсан байдлаар үйлдэнэ.

---------------------------- -----------------------------
 ---------------------------- Consingment --------------------------------------------------------- ------------------------------

Гурав. Шуудангийн илгээмж

3.1. Үйлчлүүлэгчдийн Монгол улсын нутаг дэвсгэрийн дотор солилцож байгаа шуудангийн илгээмжийг дотоод шуудангийн илгээмж гэнэ.
3.2. Дэлхийн бусад орноос Монгол улсын нутаг дэвсгэр дэх хаягт эзэндээ хүргэгдэж байгаа, мөн Монгол улсаас дэлхийн бусад улсууд хүргэгдэж байгаа шуудангийн илгээмжийг улс хоорондын шуудангийн илгээмж гэнэ.
3.3. Шуудангийн үндсэн үйлчилгээгээр Шуудангийн тухай хуулийн 3.1.4, 3.1.5, 3.1.6 болон 19-р зүйлд хамаарагдах дараах илгээмжүүдийг хүлээн авч, дамжуулан гардуулна. Үүнд:
3.3.1 битүүмжилсэн захидал (энгийн, баталгаатай, үнэ зарласан);
3.3.2. ил захидлал (энгийн баталгаатай);
3.3.3. боодол (энгийн, баталгаатай, үнэ зарласан);
3.3.4. илгээлт (энгийн, үнэ зарласан);
3.4. Бүх төрлийн баталгаатай, үнэ зарласан шуудангийн илгээмж нь бүртгэгдсэн илгээмжинд хамаарагдана.
3.5. Шуудангийн тухай Монгол улсын хуулийн 20.3-т заасан Express буюу шуурхай зэрэглэлийн шуудангийн илгээмжинд "Express" гэсэн тусгай таних тэмдэг бүхий дугтуй, хайрцаг сав хэрэглэж болох бөгөөд хэрэв энгийн дугтуй, хайрцаг сав, ашигласан тохиолдолд үйлчлэгч тэдгээрийн зүүн дээд өнцөгт эсхүл явуулагчийн хаягийн дор тавигдах "Express" гэсэн бичлэг бүхий дардас хэрэглэнэ.
3.6. "Express" шуудангийн илгээмжийг гардуулахдаа үнэ зарласан шуудангийн илгээмжийн нэг адил мэдэгдэл бичиж, хаягт эзэнд нь хүргэх бөгөөд нэг удаагийн шуурхай хүргэлтээр хаягт эзэн нь олдоогүй тохиолдолд дараагийн удаа уг илгээмжийг ердийн шуудангийн илгээмжийн нэгэн адил технологиор хүргэж, гардуулна.
3.7. Үйлчлэгч еxpress шуудангийн илгээмжийг эхний ээлжинд боловсруулж (ялгах, гаалийн үзлэгт хамруулах зэрэг) хамгийн дөт, шуурхай чиглэл маршрутаар явуулна.
3.8. Шуудангаар үнэ төлбөргүй буюу хөнгөлөлттэй үнээр явуулах илгээмжийг Дэлхийн шуудан холбооны дүрэм, конвенци болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон зөвшөөрлийн дагуу үйлчлэгч тогтооно.
3.9. Дотоод шуудангаар дараах илгээмжүүдийг үнэ төлбөргүй явуулна :
3.9.1. хараагүй хүмүүст зориулсан товгор үсгээр бичсэн ном хэвлэл, мөн секограммын аргаар бичсэн захидлынхаа дээд өнцөгт "Секограмм" (секограммаас зөвхөн агаарын тээврийн зардлыг тооцсон төлбөр авч болно. )гэсэн таних тэмдэг бүхий ил захидлууд;


3.9.2. шуудангаар үйлчлэгчид өөрийн харьяа газруудын хооронд солилцож байгаа албаны илгээмжүүд;
3.10. Улс хоорондын шуудангаар дараах илгээмжүүдийг үнэ төлбөргүй явуулна :
3.10.1. Дэлхийн шуудан холбооны байгууллагын гишүүн орнуудын шуудангийн захиргаа болон олон улсын товчоотой солилцож байгаа илгээмжийн дээд буланд "албаны" буюу "SERVISE DES POSTES" гэсэн дардас бүхий захидал, шуудангийн илгээмжийн төрлүүд;
3.10.2. цэргийн олзлогсдын төв лавлах агент буюу үндэсний лавлах товчооны явуулж байгаа болон ирүүлж байгаа нүүрэн талын дээд буланд нь "Servise des internes" гэсэн тэмдэг бүхий захидлууд;

Дөрөв. Шуудангийн илгээмжийн технологийн ажиллагаа

4.1. Дотоод шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялган боловсруулах, дамжуулах, гардуулах ажиллагаа нь дотоод шуудангийн үйлчилгээний стандартын дагуу явагдана.
4.2. Улс хоорондын шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялган боловсруулах, гардуулах ажиллагаанд улс хоорондын шуудангийн үйлчилгээний стандартын дагуу явагдана.
4.3. "Улс хоорондын шуудангийн илгээмжинд гаалийн бүрдүүлэлт хийх журам"-ыг шуудангийн болон гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан тушаалаар баталж мөрдөнө.

Тав. Шуудангийн үйл ажиллагаанд хориглох зүйлүүд

5.1. Шуудангийн тухай хуулийн 24.1-д зааснаас гадна дараах зүйлүүдийг илгээхийг шуудангаар хориглоно. Үүнд:
5.1.1. битүүмжлэгдсэн захидал, боодол, илгээлтээр Монгол улсын мөнгөн тэмдэгт, гадаад валют, үнэт эрдэнэсийн зүйлс;
5.1.2. битүүмжлэгдсэн захидал дотор хатуу, хурц иртэй зүйлүүд (хутганы ир, зүү, тэмдэг, хавчаар г.м.) болон ахуйн хэрэгцээний мөн үйлдвэрлэлийн зориулалттай зүйлс;
5.1.3. илгээмжийг хүлээн авагчийн нэр төр, үндэсний зан заншилд харш болон шуудангийн бусад илгээмжүүдийг эвдэж, бохирдуулах зүйлс;
5.1.4. ариутгал хийгдээгүй хуучин гутал, хувцас, цагаан хэрэглэл;


5.1.5. боловсруулаагүй гэрэл зургийн хальс, гэрэл зургийн цаас зэрэг рентген туяагаар харж болохгүй зүйлс ;
5.1.6. нэг төрлийн барааны олон тоогоор хэвлэсэн шошго;
5.2. Үнэ зарласан шуудангийн илгээмжээс бусад шуудангийн илгээмжид цагаан алт, алт, мөнгөн эдлэл буюу байгалийн байдлаараа байгаа эрдэнийн чулуу, бусад үнэт эдлэлүүд, банкны билет, кредит билет, аялалын чек зэрэг зүйлүүдийг хийж явуулахыг хориглоно.
5.3. Улс хоорондын шуудангийн илгээмжээр хувийн нууцад хамаарах зүйлсийг явуулагч болон хүлээн авагч нь гуравдагч этгээдээр дамжуулсан хаягаар солилцохыг хориглоно. Хэрэв үйлчлэгч түүнийг олж тогтоовол өөрийн орны хууль дүрмээр зохицуулна.
5.4. Хэвлэмэл зүйл болон секограмм нь марк, банкны баримт бичгүүд, үнэ бүхий баримт бичгүүдийг агуулж болохгүй.
5.5. Шуудангийн захидлаар зөгий, торгоны хорхой, бичил биетнүүд, хорхой шавьж илгээхийг хориглоно.

Зургаа. Тусгай журмын дагуу шуудангаар илгээх зүйл

6.1 Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр дараах зүйлүүдийг шуудангаар илгээж болно:
6.1.1. газрын хөрс, ургамал, амьтны гаралтай түүхий эд;
6.1.2. бүх төрлийн ангийн үс, түүгээр хийсэн эдлэл, загасны үр, сантоник ба түүгээр хийсэн эдлэл, эртний эдлэл (урлаг, дурсгалын зүйл, ном ба дууны нот), байгалийн чулуулаг, хөрсний дээж;
6.1.3. ан, амьтны гаралтай түүхий эд;
6.1.4. үнэт цаас, Монгол улсын мөнгөн тэмдэгт, гадаад валютыг улс хоорондын буухиа шуудангаар илгээж болно.
6.2 Түргэн муудах биологийн зүйл, радиоидэвхит бодисуудыг зөвхөн зориулалтын битүүмжилсэн саванд хоёр улсын, эсхүл хүлээн авах улсын зөвшөөрөлтэйгээр явуулна. Дээрхи зүйлийг Дэлхийн шуудан холбооны байгууллагын конвенцийн заалт болон бусад адилтгах байгууллагын дүрэм, журмын дагуу бэлтгэж зөвхөн агаарын шуудангаар явуулна.

Долоо. Шуудангаар явуулсан илгээмжийн хүлээн авагч
(хаягт эзэн)-ийг гэрчлэх баримтууд

7.1 Бүртгэгдсэн илгээмжийг хүлээн авагчийн иргэний үнэмлэх болон дараах бусад бичиг баримтыг үндэслэн олгоно:
7.1.1. оюутан, сурагчдад тэднийг харьяалах сургуулийн захиргаанаас олгосон сурагчийн ба оюутны үнэмлэх ;
7.1.2. Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаадын иргэдэд цагдаагийн байгууллагаас олгосон оршин суух зөвшөөрлийн үнэмлэх ;
7.1.3. мөн тус улсад түр хугацаагаар оршин суугаа гадаадын иргэдэд тэдний үндэсний гадаад паспорт;
7.2. Үйлчлүүлэгч өөрийн хаягаар ирсэн илгээмжийг өөр хүнээр байнга болон түх хугацаанд төлөөлүүлэн авахуулахаар тухайн хүнд итгэмжлэл бичгийг нотариатын байгуллагаар батлуулан олгож болно. Итгэмжлэлийг ганц хувь үйлдэх бөгөөд итгэмжлэлийг хэнд олгосон, ямар төрлийн илгээмжүүдийг хүлээн авч болох, мөн итгэмжлэл олгосон албан байгууллагын нэр ба албан тушаалтны овог нэр, он, сар, өдөр зэргээс гадна итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг үсгээр тодорхой бичсэн байна.
7.3. Хүлээн авагч нь эмнэлэг, сувилалын газар эмчлүүлэн сувилуулж байгаа, асрамжийн газар амьдардаг, цэргийн алба хааж байгаа, хорих газар хоригдож байгаа буюу тэдгээрийн дэргэд нотариатын байгууллага байхгүй тохиолдолд түүний итгэмжлэлийг тухайн эмнэлэг, цэрэг, цагдаа, хорих байгууллага болон орон нутгийн засаг захиргааны эрх бүхий албан тушаалтан гэрчилж болно.
7.4. Хэрэв аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж байгаа бол итгэмжлэл нь тухайн байгууллагын даргын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан байна.
7.5. Шуудангийн илгээмжийг хүлээн авах итгэмжлэл нь нэг удаагийн бөгөөд хоёр жилээс илүүгүй хугацаатай байна. Аж ахуйн нэгж, байгууллага нь итгэмжлэлийг солих бол тэр тухайгаа үйлчлэгчид албан бичгээр мэдэгдэнэ. Олгосон он,сар, өдрийг тэмдэглээгүй итгэмжлэлийг хүчингүйд тооцно.
7.6. Шуудан хүргэгчээр хүргүүлсэн баталгаатай ба үнэ зарласан илгээмжийг хүлээн авах аж ахуйн нэгж, байгууллага нь түүнийг хүлээн авах эрх бүхий ажилтанд итгэмжлэл олгоно. Итгэмжлэл нь шуудан хүлээн авагчид үлдэх бөгөөд баталгаатай ба үнэ зарласан шуудангийн илгээмж хүлээн авах бүрт шуудан хүргэгчид үзүүлнэ.
7.7. Үйлчлэгчээс илгээмжүүдийг хүлээн авахдаа үзүүлсэн нэг удаагийн итгэмжлэлийг шуудангийн ажилтан хураан авна. Итгэмжлэл нь хүлээн авагчийн хувийн бичиг баримт (иргэний болон цэргийн үнэмлэх)-ын хамт хүчинтэйд тооцогдоно.

Найм. Шуудангийн илгээмжийн нөхөн төлбөр авах

8.1. Үнэ нь дутуу төлөгдсөн буюу огт төлөгдөөгүй, хүчингүй, эсхүл өөр төрлийн хүчингүй марктай захидлыг буцах хаягаар нь буцаах бөгөөд явуулагчийн хаяг тодорхойгүй байвал хүлээн авагчаас шуудангийн илгээмжийн тарифын дутууг нөхөн төлүүлэхээр явуулна.
8.2. Үйлчлүүлэгч үнэ нь төлөгдөөгүй буюу дутуу төлөгдсөн захидал шуудангийн хайрцагт хийсэн байвал "төлбөр дутуу" гэсэн тэмдэг дарж уг илгээмжийг явуулагчийн хаягаар буцааж, зохих төлбөрийг гүйцэд төлсний дараа "нөхөн төлөв" гэсэн тэмдэг дарж, шуудангаар явуулахаар хүлээн авна.
8.3. Үнэ нь төлөгдөөгүй буюу дутуу төлөгдсөн улс хоорондын шуудангийн илгээмжүүдийг хаягласан газарт нь явуулахгүй бөгөөд төлбөрийг бүрэн төлүүлэхээр буцаана. Үнэ нь төлөгдөөгүй, буцах хаяггүй, явуулагч нь олдохгүй илгээмжийг шуудангийн гардуулагдаагүй илгээмжийг хадгалах газарт шилжүүлнэ.

Ес. Гардуулалтын тухай хариу мэдэгдэх

9.1. Гардуулалтын тухай хариу мэдэгдэх нөхцөлтэй илгээмжүүдийг хүлээн авах, ялган боловсруулах, гардуулах ажлыг тухайн илгээмжийн төрөл тус бүрт нийцүүлэн гүйцэтгэхээс гадна шуудангийн ажилтан дор дурьдсан нэмэлт шаардлагуудыг биелүүлнэ:
9.1.1. илгээмжийг гардуулсан тухай мэдэгдлийг үйлчлүүлэгч (явуулагч)-ийн хүсэлтийн дагуу шуудангаар буюу мэдээлэл, холбооны бусад хэрэгслээр зохих төлбөртэйгээр дамжуулна.
9.1.2. гардуулалтын лавлагаа хийх шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялган боловсруулах, дамжуулах, хаягт эзэнд нь гардуулах ажиллагаа нь дотоод шуудангийн үйлчилгээний стандартын дагуу хийгдэнэ.

Арав. Шуудангийн илгээмжийн лавлагаа хийх

10.1. Илгээмжийн зэрэглэл, дотоод ба гадаад шуудангийн аль төрөл болохоос нь хамааран, үйлчлэгч уг илгээмжийг хүлээн авсан өдрөөсөө хойш явуулсан баталгаатай илгээмжээ хэзээ, хэнд гардуулсан тухай болон хаана байгааг тогтоолгох тухай үйлчлүлэгчийн лавлагааг дор дурдсан хугацааны дараа хүлээн авна:
10.1.1. дотоодын ердийн зэрэглэлийн илгээмжийг хотын дотор ажлын 3 хоног, аймаг хотын хооронд хуанлийн 8 хоног, бусад газарт хуанлийн 15 хоног;
10.1.2. дотоодын шуурхай (экспресс) зэрэглэлийн илгээмжийг хотын дотор ажлын 2 хоногийн дараа, аймаг хотын хооронд хуанлийн 6 хоног, бусад газарт хуанлийн 12 хоногийн дараа ;
10.1.3. дотоодын буухиа зэрэглэлийн илгээмжийг хотын дотор ажлын 1 хоногийн дараа, бусад газарт хуваарьт шуудан очсоноос хойш 2 хоногийн дараа.
10.1.4. улс хоорондын бүх төрлийн баталгаатай илгээмжийг шууданд хүлээлгэн өгснөөс хойш 4 долоо хоногийн дараа, харин буухиа шуудангаар илгээсэн илгээмжүүдийн лавлагааг ажлын 5 хоногийн дараа.
10.2. Шуудангийн илгээмжийн талаархи үйлчлүүлэгчийн лавлагааг үйлчлэгч хүлээн авах эцсийн хугацаа нь дотоодын болон улс хоорондын илгээмжийг хүлээн авснаас хойш 6 сар байна.
10.3. Дээр дурьдсан хугацаанд шуудангаар хийсэн лавлагаанд ямар нэгэн төлбөр хураамж авахгүй. Харин энэ зүйлд заасан хугацаанаас өмнө хийсэн лавлагаанд ашигласан мэдээлэл, холбооны үйлчилгээний хөлсийг тооцож авна.
10.4. Шуудангийн илгээмжийн гардуулалтын лавлагааг хүлээн авсан үйлчлэгч лавлагааны хариуг дараагийн графикт шуудангаар лавлагч үйлчлэгчид ирүүлнэ. Хэрэв ямар нэгэн шалтгаан гарвал лавлагч үйлчлэгчид урьдчилан мэдэгдэнэ.
10.5. Үйлчлүүлэгч (явуулагч) илгээмжийн гардуулалтын тухай хариу мэдэгдэх картыг баталгаатай захидлын нэгэн адил гардуулах бөгөөд харин лавлагааны хариуг шуудан болон мэдээлэл, холбооны бусад хэрэгслээр мэдэгдэх үүргийг үйлчлэгч хүлээнэ.
10.6. Лавлагаа хийхдээ тухайн илгээмжийн талаар авах шаардлагатай мэдээллийг зориулалтын маягтын дагуу бичиж явуулна. Хөдөө орон нутгаас улс хоорондын шуудангийн лавлагааг дотоод шууданд хэрэглэгдэх маягтаар үйлчлэгчийн төв байгууллагын лавлагаа хариуцсан ажилтанд явуулах бөгөөд түүнийг зориулалтын маягтанд хуулж тухайн улсад явуулна.
10.7. Улс хоорондын шууданд анхны лавлагааг явуулснаас хойш 3 сарын дотор хариуг нь үйлчлүүлэгч (явуулагч)-д өгнө.
10.8. Лавлагааны маягтыг шаардлагатай бол мэдэгдлийн маягттай хамт явуулж, хүлээн авагчаас зохих тэмдэглэгээг хийлгэн үйлчлүүлэгч (явуулагч)-д хариу өгнө.

Арван нэг. Шуудангийн илгээмжийг буцаах

11.1. Үйлчлэгч хаягт эзэн нь хүлээн авахаас татгалзсанаас гадна дараахь шалтгаанаар гардуулагдаагүй илгээмжийг үйлчлүүлэгчийн хаягаар нь буцаана.
11.1.1. хадгалах хугацаа дууссан ;
11.1.2. явуулагчаас буцааж авахаар өргөдөл, хүсэлт ирүүлсэн ;
11.1.3. хаяг тодруулах алба, орон нутгийн засаг захиргаа, цагдаагийн болон холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаас хаягт эзний оршин суугаа газрыг мэдэхгүй байгаа буюу олж тогтоох боломжгүй гэсэн тодорхойлолт гаргасан; ;


11.1.4. хаягт эзэн нь нас барсан ;
11.1.5. "Шүүхийн" гэсэн тусгай тэмдэглэлтэй баталгаатай захидал үйлчлэгч хүлээн авснаас хойш 14 хоногийн хугацаанд хаягт эзэндээ гардуулагдаагүй ;
11.1.6. хаягт эзний нэрийг огт бичээгүй, бичсэн боловч ойлгомжгүй, буруу ташаа бичсэн ;
11.1.7. аж ахуйн нэгж, байгууллагын хаягаар ирсэн боловч тухайн байгууллага нь татан буугдсан, дампуурсан, эсхүл байршлаа өөрчилсөн тухай шуудангийн хаягийн хөдөлгөөнөө хийлгээгүй.
11.2. Үйлчлүүлэгч (явуулагч) илгээмжээ буцааж авахыг хүсч, дараахь тохиолдолд үйлчлэгчид өргөдөл гаргаж болох бөгөөд тухайн илгээмжийг буцааж авахтай холбогдсон төлбөрийг өөрөө хариуцна:
11.2.1. хаягт эзэнд нь гардуулахаас өмнө ;
11.2.2. энэ дүрмийн 5.3-ыг зөрчсөн тохиолдолд холбогдох байгууллагууд хураан авахаас өмнө ;
11.2.3. хүлээн авагч улсын хууль, дүрэм зөрчсөний улмаас тухайн улсын үйлчлэгч холбогдох үйл ажиллагаа явуулахаас өмнө.
11.3. Илгээмжийг буцаахаас өмнө хаягт эзнийх нь шуудангийн шинэчлэгдсэн хаяг нь тодорхой болж, үйлчлүүлэгч (явуулагч)-ээс уг илгээмжийг шинэ хаягаар нь хүргүүлэх тухай хүсэлтээ үйлчлэгчид гаргавал хүсэлтийг биелүүлнэ.
11.4. Шуудангийн илгээмжийг буцаахдаа дотоод шуудангийн болон улс хоорондын шуудангийн үйлчилгээний стандарт, Монгол улсын олон улсын гэрээний холбогдох заалт, гэрээ хэлцлийг мөрдөнө.
11.5. "Өөрөө хүлээн авах"-аар хаяглагдсан сонин, хэвлэлийг хадгалах хугацаа дууссаны дараа хаягдал түүхий эдэд шилжүүлэх бөгөөд харин сэтгүүл, түүний хавсралтуудын нэр, дугаар, үнийг дагалдах хуудсанд бичиж, хэвлэлийн худалдаанд шилжүүлнэ.

Арван хоёр. Гардуулах боломжгүй шуудангийн илгээмжүүдийг хадгалах

12.1. Дараах шалтгаанаар хаягт эзэндээ олгогдоогүй шуудангийн илгээмжийг үйлчлэгч нь 1 сар хүртэл хугацаагаар хадгална :
12.1.1. тухайн шуудангийн илгээмжийн очих хаяг нь зөв боловч хаягт эзэн нь ямар нэг шалтгааны улмаас хүлээн авахгүй удсан;


12.1.2. шуудангийн хайрцагнаас гарсан огт хаяггүй буюу хаяг нь бүрэн бус, ойлгомжгүй, нөхөн төлбөр хийгдээгүйгээс үйлчлүүлэгчид буцаагаагүй ;
12.1.3. давагдашгүй хүчин зүйлийн улмаас, мөн тээвэрлэлт, ялган боловсруулалтын явцад гэмтэж эвдэрснээс очих ба буцах хаягууд нь арилж, үйлчлүүлэгчид нь буцаан олгох бололцоогүй болсон ;
12.1.4. хаягт эзэн нь хүлээн авахаас татгалзсан эсхүл буцах хаяг нь тодорхойгүй шуудангийн илгээмжүүд;
12.2 Байнгын үйлчлүүлэгч албан томилолт, ээлжийн амралтаар гадагшаа явахдаа өөрийн хаяг бүхий шуудангийн илгээмжийг түр хугацаагаар хадгалуулахаар гаргасан хүсэлтийг үйлчлэгч хүлээн авч болох бөгөөд "Өөрөө хүлээн авах"-аар хаяглагдсан сонин, сэтгүүлийн хадгалах хугацааг сунгаж болно.
12.3. Хөдөө аж ахуй, геологи хайгуул, ой, ан агнуур, зам засвар зэрэг ажлаар байнга оршин суудаг газраасаа удаан хугацаагаар яваа хүмүүст ирсэн бичиг, захидал, хэвлэлийг дээрхи хүмүүсийг харьяалдаг аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт гаргасан хугацаагаар хадгалж болно.
12.4. Боломжит бүх арга хэмжээ авсан боловч гардуулагдаагүй илгээмжийг түүний гардуулагдаагүй шалтгааныг тодруулсан тайлбартайгаар эзэндээ олгогдоогүй шуудангийн илгээмжээр бүртгэнэ. Зайлшгүй шаардлагатай нөхцөлд орон нутгийн засаг захиргааны болон цагдаагийн байгууллага, хаяг тодруулах албаны тодорхойлолтыг тухайн илгээмжид бүрдүүлнэ.
12.5. Хаягт эзэндээ олгогдоогүйгээс хадгалах хугацаа нь дууссан илгээмжийг аймаг, хотын шуудангаар үйлчлэгч нь харьяа нэгжүүдээсээ цуглуулан авч, харьяалах төв байгууллагадаа явуулахдаа дараахь шаардлагыг хангасан байна:
12.5.1. захидлын дугтуй болон боодлын хайрцаг, савны гадаргуу дээр илгээлтийн хаягийн дагалдах хуудасны ар талд эзэндээ олгогдоогүй шуудангийн илгээмжид бүртгэсэн шалтгааныг тодорхой бичих бөгөөд энэхүү тайлбар тэмдэглэлийн үндэслэлийг тухайн үйлчлэгчийн эрх бүхий ажилтан шалгасны дараа гарын үсгээ зурж баталгаажуулан уг илгээмжийн хаяг бүхий тал дээр "Хадгалах газарт" гэсэн тэмдэглэгээг хийнэ;
12.5.2. илгээмжүүдийг бичиж, хадгалах газарт шилжүүлэхдээ тэдгээрийн дотуур дагаварт дараахь бичилтийг хийнэ:
- энгийн илгээмжийн тоо, ширхэг ;
- баталгаатай илгээмжийн өгөдсөн дугаар ба хүлээн авах газрын нэр ;
- нөхөн төлбөр авах илгээмжийн тоо, ширхэг, нөхөн төлбөрийн мөнгөн дүн;
- илгээлт, үнэ зарласан захидал, боодлын зураасан код, баталгааны дугаар болон дагавар, дагалдах бичиг баримтын дугаар, үнэлгээний дүн;


- өгөгдсөн дугаарыг тогтоох бололцоогүй, эвдэрч гэмтсэн ба хаяг нь арилсан илгээлтийн тоо, ширхэг, нэр төрөл, эсвэл байгаа шинж байдлыг нь бичиж эдийн тодорхойлолтыг хавсаргана.
12.6. Илгээмжийг хадгалах газарт шилжүүлсэн дагаврын дээд өнцөгт "Эзэндээ олгогдоогүй" гэсэн тэмдэглэл хийн 3 хувь бичиж, тухайн үйлчлэгчийн эрх бүхий ажилтан шалгаж, гарын үсгээ зурж баталгаажуулна. Дагаврын хоёр хувийг илгээмжтэй хамт явуулах бөгөөд нэг нь илгээмжийг хүлээн авсан тухай тэмдэглэлтэйгээр буцаж ирэх хяналтын хувь, нөгөө нь үйлчлэгчийн төв байгууллагад үлдэж хадгалагдах хувь болно.
12.7. Илгээлт, үнэ зарласан захидал, захидал, боодлыг тэдгээрийн тоо ширхгээс үл хамааран хадгалах газарт битүүмжлэн явуулах бөгөөд харин захидал, мөнгөн гуйвуулгын мэдэгдлийг тусгайлан боож явуулна. Эдгээр илгээмжийн хаягийн шошгон дээр "Эзэндээ олгогдоогүй" гэсэн тэмдэглэл хийнэ.
12.8. Хаягт эзэндээ олгогдоогүй шуудангийн бүртгэлтэй илгээмжийг хадгалах газарт шилжүүлсэн тухай тэмдэглэлийг шуудан хүргэлтийн дэвтэр, мэдэгдэх хуудас, мөн дагаварт зохих ёсоор бичиж үлдээнэ.
12.9. Хадгалах газарт байгаа шуудангийн илгээмжийг нь Шуудангийн тухай хуулийн 7.17-т заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

Арван гурав. Шуудангийн технологийн баримт бичгүүдийг хадгалах

13.1. Шуудангаар үйлчлэгч нь шуудангийн технологийн бичиг баримтуудыг шуудангийн технологи ажиллагаа, солилцооны төрөл, тоо хэмжээнээсээ хамааруулан дотооддоо баталсан журмаар эмхлэн үдэж хадгална.
13.2. Шуудангийн технологийн баримт бичгийг хадгалах хугацаа, тэдгээрийг бүртгэж тооцох үйл ажиллагаа нь архивын тухай хууль тогтоомж, үйлчлэгчийн архивын дүрэм, зааврын шаардлагыг бүрэн хангасан байна.
13.3. Улс хоорондын шуудангийн технологийн бичиг баримтуудыг Монгол улсын олон улсын гэрээний дагуу хадгална

 Арван дөрөв. Шуудангийн илгээмжээр дамжиж байгаа харилцааны
 нууцлалт

14.1. Шуудангийн илгээмжээр битүүмжлэн явуулж байгаа аливаа мэдээлэл, эд зүйлс нь хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжийн захидал харилцааны нууцад шууд болон шууд бусаар хамаарагдах бөгөөд холбогдох хуулиар зохицуулагдана.
14.2. Үйлчлэгч нь захидал харилцааны нууцыг хадгалах үүргийг үйлчлүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд шуудангийн илгээмжээр явуулахыг хориглосон зүйлийн талаар үйчлүүлэгчид урьдчилан мэдээлэх, сануулах үүрэгтэй.

 

Арван тав. Шуудангийн илгээмжийн аюулгүй байдал

15.1. Үйлчлэгч нь хүлээн авсан шуудангийн илгээмжийн аюулгүй байдлыг хаягт эзэнд нь гардуулах хүртэл бүрэн хариуцна.
15.2. Шаардлагатай гэж үзвэл үйлчлэгч дотооддоо шуудангийн илгээмжийг хүлээн авах, солилцох дамжлагад түүний аюулгүй байдлыг задлахгүйгээр шалгах нөхцлийг бүрдүүлэх ба түр хадгалах зориулалтын агуулахтай байна.
15.3. Шуудангийн илгээмжийг үйлчлүүлэгчээс хүлээн авсны дараах технологи үйл ажиллагааны аль нэг дамжлагад хийгдсэн аюулгүй байдлын шалгалтаар түүнийг цааш нь дамжуулахад харшлах зүйл илэрвэл тухайн үйлчлэгчийн шуудангийн аюулгүй байдлыг хариуцсан ажилтан уг илгээмжийг тусгаарлан, түүнийг явуулагчид мэдэгдэн зохих тайлбар гаргуулж, эрх бүхий байгууллагаар нарийвчлан шалгуулах буюу буцааж авахыг шаардах бөгөөд эс зөвшөөрвөл удирдлагадаа танилцуулан тухайн зүйлийг аюулгүй болгох эрх, үүрэг бүхий байгууллагад шилжүүлнэ.
15.4. Шуудангийн илгээмжийг саатуулах, шалгах ажиллагааг зөвхөн холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн хийнэ.
15.5. Үйлчлэгч дараахь тохиолдолд хуулийн байгууллагад мэдэгдэн холбогдох арга хэмжээ авахуулна :
15.5.1. шуудангийн марк болон олон улсын хариултын купоныг хуурамчаар үйлдсэн, хуулбарласан, засварласан
15.5.2. ашиглагдсан маркийг дахин хэрэглэсэн, маркжуулах машин болон шуудангийн бусад дардсуудыг хуурамчаар үйлдсэн, өөр зориулалтаар ашигласан.
15.6. Шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялган боловсруулах, солилцох, байр талбай, зөөвөр, тээврийн хэрэгслийг технологийн болон техник, гал усны аюулгүй байдлыг бүрэн хангасан байхаар зохион байгуулж тоноглосон байна.

 

 

--------о0о---------

буцах