Монгол Улсын бүсчлэлийн код буюу zipcode шинэчлэн батлагдсан. Энэ талаар Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Шуудангийн албаны дарга С.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Танай хорооноос саяхан Бүсчлэлийн кодыг шинэчлэн Засгийн газраар батлуулсан гэсэн. Бүсчлэлийн код гэж юу вэ? Уг кодыг батлуулсанаар яг ямар ач холбогдолтой вэ? Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Манай улсад хэрэглэгдэж буй бүсчлэлийн код нь анх ЗТАЖ-ын сайдын 2007 оны 06-р сарын 29-ний өдрийн 101 тоот тушаалаар анх батлагдаж, хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн. Үүнээс хойш тус хорооноос шинээр байгуулагдаж буй суурьшилын бүсүүдэд бүсчлэлийн кодыг оноож Засгийн газраар жил бүр батлуулж ирсэн.
Бүсчлэлийн код гэдэг нь аливаа нэгэн обьект болон байршлын хаягийн нэг хэсэг болж явдаг. Уг кодыг шинэчлэн батлуулсанаар хаягжилтын асуудлыг тодорхой болгох, шуудангийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад шуудан хүлээн авагч иргэд, аж ахуйн нэгжүүдийн байршлыг тодорхойлоход амархан болох ач холбогдолтой.
- Тэгэхээр бүсчлэлийн код гэдэг нь зипкод гэж ойлгож болох уу? Яг юунд ашигладаг юм бэ?
-Тэгж ойлгож болно. Бүсчлэлийн кодыг зөвхөн шуудангийн үйлчилгээнээс гадна түргэн тусламж, гал унтраах болон бусад төрийн үйлчилгээг олон нийтэд хүргэх үйл ажиллагаанд ашиглах боломжтой гэдгийг дурдах хэрэгтэй байх. Энэхүү кодын 5 орон нь өөр өөрийн утгыг агуулдаг. Жишээ нь, манай ажлын оффис байрладаг “Мэтро Малл” бизнес центр гэхэд нийслэлийн 14201 гэсэн бүсчлэлийн кодын хэсэгт хамаардаг. Энэхүү кодны эхний орон нь Улаанбаатар хотыг, дараагийн орон нь Сүхбаатар дүүргийг, сүүлийн гурван орон болох 201 нь хүргэлтийн секторыг илтгэдэг.
Бүсчлэлийн код нь нарийвчлалын хувьд барилга байшин, обьект хүртэл кодлох боломжгүй бөгөөд үүнтэй холбогдуулж тус хорооноос бүсчлэлийн код дээр суурилсан “Шуудангийн нэгдсэн код”-ыг нэвтрүүлээд жил гаруй болж байна. Энэхүү код нь “Бүсчлэлийн код + 4” гэсэн хэлбэртэй бөгөөд нэмэлт дөрвөн орны тусламжтайгаар бүсчлэлийн кодын блок дотор байрлах бүх барилга байшин, обьектуудыг кодлох боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 14201 бүсчлэлийн кодтой хаягийн хэсэгт байрлах “Метро Малл” бизнес центрийн барилга нь 14201-0023 гэсэн шуудангийн нэгдсэн кодтой болсон гэсэн үг юм. Тус ажлын хүрээнд одоогоор нийслэл Улаанбаатар хотод байрших нийт 18 мянга гаруй барилга байшин, обьектод код оноогоод байна.
-Яаж кодлосон гэж?
-Бид өнгөрсөн 3 жилийн хугацаанд Газрын харилцаа, геодэзи, зураг зүйн газар болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтнүүдтэй нягт хамтын ажиллагаатай байгаа бөгөөд шуудангийн нэгдсэн кодыг эдгээр газруудын орон зай, кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байгаа бүх байшин барилга, обьектэд оноосон гэсэн үг юм. Ингэснээр олон нийтэд тэр дундаа шуудангаар үйлчлүүлэгчдэд хэд хэдэн давуу байдал үүссэн.
-Жишээ нь?
-Гадаадаас ирүүлж байгаа шуудан авахад илүү хялбар болсон. Байшин барилга, обьектуудыг кодтой болгосноор шуудангаар үйлчлэгч байгууллагууд есөн оронтой шуудангийн нэгдсэн кодыг ашиглан шууданг хүлээн авагчийн байршлыг төвөггүй тодорхойлох боломжтой юм. Ингэснээр хүмүүсийн бусдад хаягаа заахын тулд “Энэ дэлгүүрийн баруун талаар гарч, хашаа өнгөрөөд баруун эргэх” зэргээр тайлбарладаг байсныг өөрчлөх боломжтой болох юм.
Хаяг байршил тодорхой болох нь улс орны хөгжилд маш эерэгээр нөлөөлдөг бөгөөд манай улс цаашид хөгжихийн хирээр хаягийг тодорхой байлгах шаардлага өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа.
-Бүсчлэлийн код манайд харьцангуй шинэ ойлголт уу?
-Шинэ гэж хэлэх нь өрөөсгөл. Анх 2007 оноос хэрэглэж эхэлсэн гэхээр 9 жилийн хугацаа өнгөрч байна. Гэхдээ шуудангийн салбар хөгжсөн бусад улс оронтой харьцуулахад шинэ байж болох талтай. Манай улсад амьдралдаа нэг ч захиа авч үзээгүй хүн ч бий шүү дээ. Энэ нь бүсчлэлийн код болон хаяг тодорхой байхын ашиг тусын талаар иргэд төдийлөн ойлгодоггүйтэй холбоотой байх. Жишээ нь, цахим худалдааны “Амазон” гээд сайтаас худалдан авалт хийхдээ бүсчлэлийн код буюу zip код хийх хэсэгт 976 гээд хийчихдэг. Гэтэл 976 гэдэг маань өөрөө олон улсын цахилгаан холбооны сүлжээгээр дамжуулан яриа хийхэд хэрэглэдэг код. Харин бүсчлэлийн код гэдэг бол дээр хэлсэнчлэн таван оронтой тооноос бүрдсэн код юм.
-“Амазон” сайтаас бараа бүтээгдэхүүн худалдан авлаа гэхэд бүсчлэлийн код (zip code) хийх хэсэгт таван оронтой тоо хийхэд хаягаар хүрээд ирэх нь гэж ойлгож болох нь ээ?
-Сүүлийн үед дэлхийн улс орнууд тэр дундаа манай орны иргэд цахим худалдааны сайтуудаас худалдан авалт хийх нь өсөх хандлага ажиглагдаж байна. Иргэд банкны олон улсын картаа ашиглаад дэлхийн өнцөг булан бүрээс худалдан авалт хийдэг болсон байна. Үүнийгээ дагаад шуудангийн үйлчилгээ шинэ төвшинд гарч хөгжиж байна. Тиймээс тус хорооноос бүсчлэлийн кодыг олон нийтэд таниулах, мэдээлэл өгөх үүднээс http://www.zipcode.mn/ сайт, ухаалаг утсанд зориулсан бүсчлэлийн кодын системийг нэвтрүүлээд зургаан сар орчим болж байна.
-Хүмүүс танай сайт руу ороод ямар мэдээлэл авах боломжтой бол?
-Сайт, апплекэйшны хувьд “Гүүгл”-ын газрын зургийн дээр суурилж хөгжүүлэлт хийгдсэн бөгөөд өөрийн амьдарч буй байршлын бүсчлэлийн код болон барилга байшин, обьектийн шуудангийн нэгдсэн кодыг мэдэх боломжтой. Мөн түүнчлэн Харилцаа холбооны салбарын мэдээ, мэдээллүүд болон шуудангийн салбартай холбоотой хууль тогтоомжийг энэхүү платформуудыг ашиглан үзэж сонирхох боломжтой юм.
-Бүсчлэлийн кодыг олон нийтэд таниулж сурталчлахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарч байна уу?
- Бидний хамгийн түрүүнд хийх ёстой гол ажил бол олон нийтэд хаягжуулалт болон бүсчлэлийн кодын ашиг тусыг ойлгуулах явдал юм. Энэхүү олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд бид тус хорооны улирал бүр гаргадаг сэтгүүл, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим хуудас болон ухаалаг гар утасны програм хангамжын тусламжтайгаар сурталчилгаа явуулж байгаа. Мөн өнгөрсөн жил шинээр олгогдсон бүсчлэлийн код батлагдсантай холбоотойгоор бүсчлэлийн код болон шуудангийн нэгдсэн кодын жагсаалтаар ном гаргаж нийслэлийн дүүрэг, хороодуудтай хамтран сургалт зохион байгуулсан.
-18 мянга гаруй гаруй барилга байшин, обьектод код ойлгож хаягжилтын асуудлыг шийдвэрлэсэн гэсэн. Энэ нь нийслэлийн хэмжээнд хичнээн хувийг хамрах тоо вэ?
-Одоогоор нарийвчлан хэлж мэдэхгүй байна. Ямартай ч 50-аас илүү хувийг хамарна. Мэдээж энэ нь хангалтгүй тоо. Гол асуудал нь юу вэ гэхээр орон нутгаас шилжин ирж байгаа хүмүүс ямар ч төлөвлөлтгүй гэр бариад буучихдаг. Үүнээс үүдэж хотын захаар хүндрэл үүсдэг. Хотын төвөөрөө бол ямар нэгэн хүндрэл байхгүй.
-Цаашид танай хорооноос хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ямар ажил байна вэ?
-Дэлхийн шуудан холбоо гээд НҮБ-ын харьяа байгууллага байдаг. Энэ холбооны хаягжилт хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтарч одоогийн системийг илүү дэвшилттэй болгохоор ажиллана байна.
Эх сурвалж: http://www.ikon.mn/n/r7q