Хүнсийг зөвхөн Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж импортлоно.
2016-07-20

 

СТРАТЕГИЙН ХҮНСИЙГ ЭКСПОРТЛОХ, ИМПОРТЛОХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТҮР ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Хүнсний тухай хуулийн 6.7, 6.8-д заасныг үндэслэн тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох, тогтоосон хэмжээнд багтаан стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрлийг сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгохтой холбоотой харилцааг энэхүү түр журмаар зохицуулна.

1.2. Тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг улсын хэмжээний стратегийн хүнсний бүтээгдэхүүний нийт нөөц, хөдөө аж ахуй болон хүнсний үйлдвэрлэлийн хэмжээ, эрэлт нийлүүлэлт, үнийн хэлбэлзэл, олон улс, бүс нутаг, хөрш орны хүнсний хангамж, тэдгээрийн дотоодын зах зээлд нөлөөлөх төлөв байдал, цаашдын таамаглал, бусад оронтой байгуулсан гэрээ, хэлэлцээрийн шаардлага зэргийг харгалзан хуульд заасны дагуу тогтооно.

1.3. Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрлийг энэхүү журмын 3.3-т заасан шаардлагыг хангасан Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно.

1.4. Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хүнсний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.

1.5. Энэ журамд заасан “стратегийн хүнс” гэж Хүнсний тухай хуулийн 3.1.6-д заасан малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг хэлнэ.

1.6. Стратегийн хүнсний нэр төрөл, онцлогоос хамааруулан зарим стратегийн хүнсийг дор дурдсанаар ойлгоно:

1.6.1. “сүү” гэж шингэн болон хуурай сүүг;

1.6.2. “малын мах” гэж үхэр, адуу, тэмээ, хонь, ямааны дулааны аргаар боловсруулснаас бусад махыг;

1.6.3. “гурил” гэж улаан буудайн гурилыг;

1.6.4. “ундны ус” гэж хүнсний зориулалтаар савласан усыг.

1.7. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа ил тод, шударга байх зарчмыг баримтална.

1.8. Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын зар гаргах, урилга хүргэх, үр дүнг мэдээлэх, оролцогч гомдол гаргах, хариу илгээх ажиллагааг цахим хэлбэрээр хийнэ.

Хоёр. Экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох

2.1. Хүнсний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага (цаашид “яам” гэх) тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаархи саналыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл (цаашид “Үндэсний зөвлөл” гэх)-д хүргүүлнэ.

2.2. Үндэсний зөвлөл энэ журмын 2.1-д заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор хэлэлцэж зөвлөмж гаргана.

2.3. Хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаар Үндэсний зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг үндэслэн Хүнсний тухай хуулийн 6.7-д заасны дагуу тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг БТКУС-ийн кодод нийцүүлэн бүтээгдэхүүн тус бүрээр тогтооно.

2.4. Стратегийн хүнсийг экспортлох, импортлох нэр төрөл, тоо хэмжээг тогтоосон шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногт багтаан яамны цахим хуудсанд байршуулна.

Гурав. Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт

3.1. Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг яамнаас томилсон ажлын хэсэг хариуцан зохион байгуулна.

3.2. Сонгон шалгаруулалтын зарыг яамны цахим хуудаст байршуулах бөгөөд зард энэ журмын 2.4-т заасан нэр төрөл, тоо хэмжээнд багтаан экспортлох, импортлох багцын доод хэмжээг бүтээгдэхүүний нэр төрөл тус бүрээр тусгана.

3.3. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн хуулийн этгээд дараахь бичиг баримтыг яаманд ирүүлнэ:

3.3.1. импортлох эсхүл экспортлох хүнсний нэр төрөл, багцын хэмжээг заасан албан бичиг;

3.3.2. хуулийн этгээдийн нэр, байршил, хаяг, утас, факсын дугаар, цахим хаяг;

3.3.3. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, эрхэлж байгаа хүнсний чиглэлийн үйл ажиллагааны төрөл, хэлбэр;

3.3.4. хууль тогтоомжийн дагуу татвар, хураамж төлсөн, татварын өргүй болохыг тодорхойлсон харьяалах татварын албаны тодорхойлолт;

3.3.5. аудитаар баталгаажсан сүүлийн жилийн санхүүгийн тайлангийн хуулбар;

3.3.6. стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан зориулалтын агуулах, тээврийн хэрэгсэлтэй эсэх эсхүл энэ шаардлагыг хангасан хуулийн этгээд, байгууллагатай байгуулсан гэрээний хувь;

3.3.7. экспортлогч улсын үйлдвэр эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан худалдааны гэрээ;

3.3.8. хуулийн этгээдийг төлөөлөн сонгон шалгаруулалтад оролцох этгээдэд итгэмжлэл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр.

3.4. Энэ журмын 3.3-т заасан материал хүлээн авах эцсийн хугацааг цахим зар гаргасан өдрөөс эхлэн тооцож ажлын 5 хоногоор тогтооно.

3.5. Хуулийн этгээдийн ирүүлсэн материалыг цахим зард заасан байршил, газарт оролцогчдыг байлцуулан материал хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 1 цагийн дараа нээнэ.

3.6. Хугацаа хоцорсон материалыг хүлээж авахгүй бөгөөд дутуу материалыг нөхөн бүрдүүлэхгүй. Тамга, тэмдэггүй, гарын үсэг зураагүй, он, сар, өдөр тодорхойгүй, гаргацгүй, харагдахгүй байдалтай ирүүлсэн материалыг хүчингүйд тооцно.

3.7. Ажлын хэсэг нь хуулийн этгээдийн зөвшөөрөл авахаар хүссэн багцын тоо хэмжээ болон холбогдох бусад материалыг судалж, уг хуулийн этгээдэд зөвшөөрөл олгох багцын хэмжээг тогтооно.

3.8. Ажлын хэсэг хуулийн этгээдийн ирүүлсэн материалтай холбоотой асуудлаар тайлбар тодруулгыг шалгаруулалтад оролцогчоос шаардаж болно.

3.9. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг энэ журмын 3.5-д заасан хугацаанаас хойш ажлын 5 хоногт багтаан явуулж сонгон шалгаруулалтын үр дүнг яамны Төрийн нарийн бичгийн даргад мэдээлнэ. Сонгон шалгаруулалтын дүнг яамны Төрийн нарийн бичгийн даргад танилцуулсны дараа сонгон шалгаруулалтад тэнцсэн хуулийн этгээдэд импортлох эсхүл экспортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээ бүхий зөвшөөрөл олгох тухай мэдэгдэл хүргүүлнэ. Харин сонгон шалгаруулалтад тэнцээгүй хуулийн этгээдэд шалтгааныг зааж хариу өгнө. Зөвшөөрөл олгох тухай мэдэгдэл болон хариуг албан бичгээр болон цахим хэлбэрээр явуулна.

3.10. Шалгарсан хуулийн этгээд мэдэгдэлд дурдсан багцын хэмжээг өсгөж, бууруулах эрхгүй.

3.11. Зөвшөөрөл авах эрх үүссэн тухай шийдвэрийг оролцогч хуулийн этгээд хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд энэ тухай мэдэгдлийг хүргүүлснээс хойш ажлын 1 хоногт хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд цахим хэлбэрээр гомдол гаргаж болно.

3.12. Оролцогч хуулийн этгээдийн ирүүлсэн гомдлыг ажлын 3 хоногт багтаан хянан үзэж хариуг цахим хэлбэрээр илгээх бөгөөд энэхүү хугацаанд шалгарсан хуулийн этгээдэд зөвшөөрөл олгох асуудлыг түдгэлзүүлнэ.

3.13. Оролцогч хуулийн этгээдээс энэ журмын 3.11-д заасан хугацаанд гомдол ирүүлээгүй эсхүл ирүүлсэн гомдлыг хянан үзээд үндэслэлгүй гэж үзвэл шалгарсан хуулийн этгээдэд ажлын 5 хоногт багтаан зөвшөөрөл олгох шийдвэр гаргана.

3.14. Хуулийн этгээдийн ирүүлсэн материал болон нэмж ирүүлсэн тайлбар, тодруулгыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49.2-ыг баримтлан бүрдүүлж архивлан хадгална.

3.15. Энэ журмын 3.9-д заасан стратегийн хүнс экспортлох, импортлох зөвшөөрөл авсан хуулийн этгээдийн жагсаалтыг яамны цахим хуудаст байршуулж, хүнсний хяналт хэрэгжүүлэх болон гаалийн байгууллагад хүргүүлнэ.

Дөрөв. Сонгон шалгаруулалтын хураамж

4.1. Сонгон шалгаруулалтад оролцох этгээд цахим зард заасан хураамж төлнө.

4.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22.2-т заасныг баримтлан энэхүү журмын 4.1-д заасан хураамжийн хэмжээг тогтооно.

Тав. Стратегийн хүнсийг экспортлох, импортлох

5.1. Энэ журмын 3.9-д заасан зөвшөөрөл олгох мэдэгдэл авснаас хойш 6 сарын дотор хуулийн этгээд зөвшөөрөлтэй стратегийн хүнсийг экспортолж, импортолно.

5.2. Энэ журмын 5.1-д заасан хугацааны дотор стратегийн хүнсийг экспортлоогүй, импортлоогүй тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай цахим мэдэгдлийг тухайн хуулийн этгээдэд хүргэж, гаалийн болон хүнсний хяналт хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

5.3. Хүчингүй болгосон зөвшөөрөлд ногдох стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрлийг энэ журмын дагуу дахин шалгаруулалт явуулж олгоно.

5.4. Зөвшөөрөл авсан хуулийн этгээд түүнийг бусдад дамжуулах, шилжүүлэх, худалдах эрхгүй.

Зургаа. Хариуцлага

6.1. Энэ журмын 3.9-д заасан зөвшөөрөлгүйгээр эсхүл зөвшөөрөлд заасан хэмжээнээс хэтрүүлэн стратегийн хүнс экспортолсон, импортолсон хуулийн этгээдийг Хүнсний тухай хуульд заасны дагуу торгож, хууль бусаар олсон орлого болон хүнсийг хураана.

6.2. Энэ журмын 3.3-т заасан бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн болон энэ журмын 5.4-т заасныг зөрчсөн хуулийн этгээдийн жагсаалтыг гаргаж, яамны цахим хуудсанд байршуулан сан бүрдүүлж, дараагийн сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.

6.3. Энэ журмын 5.1-д заасан хугацаанд зөвшөөрөлд заасан хүнсийг 2-оос дээш удаа экспортлоогүй, импортлоогүй эсхүл заасан хэмжээнээс хэт бага хэмжээний хүнс экспортолж, импортолсон хуулийн этгээдийг энэ журмын 6.2-т заасан жагсаалтад байршуулна.

------- оОо ------- 

буцах