ЯМАР ИЛГЭЭМЖИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ВЭ?
2016-09-13

ЯМАР ИЛГЭЭМЖИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ВЭ? 

Гадаадад 120 мянга орчим монголчууд ажиллаж байна гэсэн албан бус мэдээлэл бий. Хөрөнгөжих гэсэн хүсэлдээ хөтлөгдөн хүний газарт хөдөлмөрлөж буй монголчууд олсноо цуглуулан, боломж бололцоогоороо ар гэрийнхэндээ илгээмж явуулдаг. Ингэхдээ хувцас хунар, хүүхдийн хичээлийн хэрэгсэл, тоглоом, хуучин болон шинэ хувцас, хүүхдийн гутал, ном, бэлэг дурсгал, бага оврын хүнсний зүйл, эм, эмийн багаж, хэрэгсэл гэх мэт арилжааны бус, хувийн хэрэглээний эд зүйлс явуулдаг аж. Тэр тоолонд гаалийн татварт 5 хувь, НӨАТ-н татварт 10 хувийн татвар төлдөг байсан юм. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Улс хоорондын шуудан илгээмжийг бараа гэж үзнэ” гэсэн заалт байдаг. Тиймээс бүх шуудан илгээмжээс татвар авдаг байсан юм. Харин энэ удаад гаалийн тариф, татварын тухай , НӨАТ-н тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орсноор тоо ширхэг, үнийн хувьд тодорхой хэмжээнд татвар авахгүй байх уян хатан заалт үйлчилж эхэлжээ.

Тэгвэл энэ оноос эхлэн гадаадын улс орноос шуудангаар дамжуулан илгээсэн илгээмж буюу бараанд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нугалснаас доогуур үнийн дүнтэй бол гаалийн татвараас чөлөөлөх хууль мөрдөгдөж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл, Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлд нэмэлт оруулж “38.1.15. нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж”-ийг, НӨАТ-н хуулийн 13-р зүйлд “Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин, зөөврийн компьютерийн хувьд гуч дахин нэмэгдүүлснээс тус тус дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж”-ийг татвараас чөлөөлөхөөр, тусган, он гарсаар хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хоёр хуульд нэмэлт өөрчлөлт орсноор улсын хилээр нэвтэрч буй илгээмж нь 2 үндсэн хэмжигдхүүнээс хамаарч гаалийн болон нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой болсон байна. Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөг болгосон. Энэ дагуу бол 1 сая 920 мянган төгрөгийн хувь хүний нэр дээр явуулсан илгээмжийг татвар төлөхгүйгээр авах боломжтой гэсэн үг.

Харин ингэхдээ нэг анхаарах ёстой зүйл нь “ижил төрлийн хоёроос илүүгүй бараа” гэх тодотгол. Энд юу хамаарах вэ гэж үү.

Ижил төрлийн бараа гэж юу вэ?

Гаалийн тариф, татварын тухай хуулийн 12.2-т “Ижил төрлийн бараа” гэдэгт үнийг нь тодорхойлж байгаа бараатай бүх талаараа адил биш боловч үндсэн шинж байдал, бүрдэл хэсэг, зориулалтаараа ижил, арилжааны талаас нь аль алинаа орлож чадах барааг хэлнэ” 12.3-т “Ижил төрлийн барааг тодорхойлоход барааны чанар, тэмдэг, нэр хүнд, гарал үүслийн улсыг харгалзан үзнэ” гэж заажээ.

Бодъё л доо. Гадаадаас танд, таны охин, хүү гуравт ижил төрлийн гурван цамц илгээмжээр ирлээ. Энэ гурван өмдний үнийн дүн нийлээд 1 сая 920 мянган төгрөгт хүрэхгүй байлаа ч татвар авна. Харин гурван өөр төрлийн бараа буюу хоёр цамц нэг өмд, эсвэл гутал, цамц, өмд байгаад 1 920 000 төгрөгт хүрэхгүй байвал татвар авахгүй гэсэн үг. Танд цүнх, цамц, гутал, хичээлийн хэрэгсэл, малгай, ороолт гурваас дээшнэр төрлийн хэрнээ тус бүр нь 2 илүүгүй тоо ширхэгтэй бараанууд ирээд хуульд заасан үнийн дүн буюу 1 сая 920 мянгаас бага байвал татвараас чөлөөлнө.

Эндээс нэг асуулт гарч ирж байгаа нь 1 сая 920 мянган төгрөгөөс дээш бол яах вэ? Гэсэн асуулт. Хэрэв таны илгээмж нэг сая 920 мянга+1 төгрөг болвол хөнгөлөлт эдлэх боломжгүй болно. Тиймээс таны илгээмж энэ мөнгөн дүнд багтахгүй, илүү гарах гээд байгаа бол хоёр таслаад ч юм уу мөнгөн дүнд нийцүүлж байж явуулсан нь танд илүү ашигтай гэсэн үг. Хэрэв дээрхи хязгаарын аль нэгийг давсан л бол таны илгээмж бүхэлдээ татварт хамрагдах нөхцөлд орно гэсэн үг.

Дээрх мөнгөн дүнд багтаж л байгаа бол та хоёр ширхэг өмд, хоёр ширхэг цамц, хоёр ширхэг гутал гэхчилэн тэрхүү тоог нь хэтрүүлэхгүй бол асуудал гарахгүй гэсэн үг. Энд дурдаагүй барааг яах вэ гэж бодож байгаа бол http://customs.gov.mn/2014-03-25-01-15-20 энэ хаягаар ороод үзэхийг хүсье.

Компьютер хөнгөлөлтөнд хамрагдах уу?

Гаалийн татварын хувьд зөөврийн компьютер, зэргээс татвар авдаггүй аж. Гэхдээ энд дээрх ижил төрлийн хоёроос дээшгүй гэх тодотгол хамаарна гэдгийг анхаараарай. Хэрэв та компьютер чинь үнэтэй учраас энэ хөнгөлөлтийг эдлэх боломжгүй юм байна гэж харамсч байгаа бол таатай мэдээлэл байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс дээшгүй байх гэх шаардлага энд үйлчлэхгүй. Учир нь НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ хуулийн 13.1.24-т“Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин, зөөврийн компьютерийнхувьд гуч дахин нэмэгдүүлснээс тус тус дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж”-ийг НӨАТ-аас чөлөөлөх нэмэлт өөрчлөлт оруулжээ. Тиймээс та 5 сая 760 мянган төгрөгийн үнэ бүхий нэг эсвэл хоёр зөөврийн компьютерийг илгээмжээр авахад ямар нэгэн татвар төлөлгүйгээр авч болох нь ээ. Энд зөөврийн компьютер гэж онцолсныг та бүхэн анхаарах ёстой шүү.

Жин, хэмжээний хувьд ямар байх вэ?

Одоогоор илгээмжийн дээд хэмжээ 20 килограмм, харин хоёр улс харилцан тохиролцсон тохиолдолд 50 килограмм хүртэлх жинтэй илгээмжийг хүлээж авдаг талаар Монгол Eлсын стандарт MNS 5382-3: 2004-д заасан Тиймээс энэ жинд нийцсэн, дээр нь дээр дурдсан үнийн дүн, тоо хэмжээтэй бараатай илгээмжийг та татваргүйгээр авах боломжтой гэсэн үг.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, мөн хүнс байгаа тохиолдолд яах вэ?

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15,9-д “ Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлоход дараахь зүйлийг хориглоно. 15.9.3-д “ тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, боилогийн идэвхт бүтээгдхүүнийг импортлох” гэж заасан байдаг тул та ямар нэгэн эм, витамин, боилогийн нэмэлт бүтээгдхүүн шуудан илгээмжээр авч болохгүй хориглогдсон байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. 

Мөн Хүнсний тухай хуулийн 11.1-д “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортлож, импортлоно” гэсэн байдаг тул хувь хүнд бас л хориглосон болох нь ээ. 

Хууль ямар үр дүн авчирав?

Мэдээж хэрэг хууль хэрэгжээд 13-хан хонож байхад гарах үр дүнг тооцох аргагүй. Гэхдээ энэ цөөхөн хоногт эхнээсээ нааштай үр дүн гарч эхэлсэн талаар “Монгол шуудан”-гийн Ашиглалт, технологийн газрын дарга Б.Содчимэг ярьж байна. Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө долоо хоногт 120 илгээмж татвар төлөөгүйгээс болоод эзэндээ очиж чаддаггүй байжээ. Харин хууль хэрэгжиж эхэлсэн эхний долоо хоногт гэхэд энэ тоо дөчөөр буурсан үзүүлэлт ажиглагдсан байна. Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө тодорхой бараа, бүтээгдэхүүн, тоо хэмжээнээс хамаарч гаалийн татвар авдаг гэдгийг мэдэхгүй “Шуудангийн тээврийн мөнгийг нь төлөөд явуулсан байхад илүү мөнгө нэхлээ” гэж бухимдан гомдол гаргадаг байсан бол дээрх хоёр хууль хэрэгжиж эхэлснээр энэ төрлийн маргаан ч багассан гэнэ. Тиймээс та бүхэн юуг илгээмжиндээ авбал татварын хөнгөлөлт эдлэх боломжтой вэ гэдгийг танилцуулах үүднээс дараах хуулийн заалтуудыг оруулав.

________________________________________
 МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН
ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 38.1.15 дахь заалт нэмсүгэй:
“38.1.15. нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж.”
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН
ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 13.1.24 дэх заалт нэмсүгэй. “13.1.24 нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин, зөөврийн компьютерийн хувьд гуч дахин нэмэгдүүлснээс тус тус дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж” 

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

http://mongolpost.mn/more/81

буцах