ИЛГЭЭМЖИЙН ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ЖУРАМААС
2016-12-16


                                   Санхүү, эдийн засгийн сайд, Дэд бүтцийн сайдын 2004 оны

                                                                                                                                                                                       109/86 дугаар хамтарсан тушаалын хавсралт

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Улс хоорондын шуудангийн илгээмжид гаалийн хяналт тавих, гаалийн бүрдүүлэлт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

          1.2. Гаалийн бүрдүүлэлт хийх ажиллагаанд улсын жишигт нийцүүлэн хөнгөн шуурхай, чирэгдэлгүй хийгээд эрсдэлгүй явуулах зарчмыг баримтална.

          1.3. Улс хоорондын шуудангийн илгээмжид гаалийн бүрдүүлэлт хийхдээ Дэлхийн шуудан холбооны байгууллагын конвенц, Гаалийн тухай хууль тогтоомж болон энэхүү журмыг мөрдөнө.

          1.4. Улс хоорондын шуудангийн илгээмжид Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх бичиг, захидал, боодол, шуудангаар илгээж байгаа бусад зүйл /цаашид "илгээмж" гэх/ хамаарна.

          1.5. Илгээмжид гаалийн хянлт, шалгалт хийхээр задлах, боох, савлах, жигнэх ажиллагааг тухайн гаалийн байгууллага, хадгалах ажиллагааг шуудангийн байгууллага тус тус хариуцан гүйцэтгэнэ.

          1.6. Илгээмжийг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр шуудангийн байгууллага хүлээн авах, задлах, баглаа өөрчлөх, хүлээн авагчид олгохыг хориглоно.

          1.7. Гаалийн байгууллагагүй аймаг, орон нутагт шуудангийн байгууллагын ажилтныг гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллуулах саналыг тухайн албан тушаалтны анкетын хамт шуудангийн байгууллага гаалийн удирдах төв байгууллагад бүрдүүлж ирүүлнэ.

          1.8.Улс хоорондын гаалийн үзлэг, шалгалтыг хил дээрх гаалийн салбар гүйцэтгэх бөгөөд шуудангийн байгууллагад гаалийн ажилтан ажиллана.

        

Хоёр. Гаалийн бүрдүүлэлт

 

          2.1. Улсын хилээр олон улсын шуудангийн илгээмжийг нэвтрэх үеэс хил дээрх гаалийн салбар нь хяналтдаа авч гаалийн бүрдүүлэлтийг хийнэ.

          2.2. Гаалийн хяналт шалгалтын бүрдүүлэлтийг хийсэн тухай тэмдэглэлийг шуудангийн гадуур дагалдах баримт нь дээр хяналтаас хассан болон хяналтад байгаа тухай холбогдох тэмдгийг дарсны дараа өөрийн харьяа гүний гаалийн ажилтанд шилжүүлнэ. Шаардлагатай тохиолдолд хилийн гаалийн байгууллага хяналт шалгалт, бүрдүүлэлт хийх ажиллагааг хийж гүйцэтгэнэ.

          2.3. Гаалийн байгууллага хяналтдаа ирсэн илгээмжийн гадуур, дотуур дагалдах бусад бичиг баримтыг үндэслэн зохих битүүмжлэлийг шалгаж илгээмжийн баглаа боодлыг задлан бүртгэл хөтөлнө. Дахин үзлэг шалгалт хийх шаардлагатай, сэжиг бүхий илгээмж байна гэж  үзвэл шалгалт хийнэ.

          2.4. Илгээмжийг шалгах үед рентген аппарат, гэрэлтүүлэгч болон шаардлагатай тохилдолд сургуультай нохой, наркотест ашиглана.

          2.5. Илгээмжийн илгээгч, хүлээн авагчийн нэр, хаяг нь тодорхой бус, хориглосон зүйл агуулсан байж болзошгүй тохиолдолд шуудангийн ажилтан нь илгээмжийг дахин гаалийн хяналт, шалгалт, бүрдүүлэлт хийлгэхээр шилжүүлнэ.

          2.6. Илгээмжийг хүлээн авах хүнд олгох эсвэл хилийн чанадад илгээх хүртэлх хугацаанд тэдгээрийг тээврийн болон шуудангийн төвлөрсөн салбаруудад байгуулсан гаалийн хяналтын талбайд хадгална.

          2.7.Илгээмжид дараах бичиг баримтыг үндэслэн гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлт хийнэ. Үүнд:

  2.7.1. улс хоорондын илгээмжийн илгээгч, хүлээн авагч нь хувь хүн бол дагалдах шошго, холбогдох бусад бичиг баримт, хүлээн авагч буюу илгээгчийн мэдүүлэх хуудсаар, бичгээр мэдүүлсэн баримт;

  2.7.2. судалгаа шинжилгээний зориулалттай онцлог бараа, эсвэл хүлээн авагч, илгээгч нь аж  ахуйн нэгж, байгууллага бол гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, холбогдох баримтын хамт;

          2.8.Илгээгч, хүлээн авагч нь хилээр нэвтрүүлэх барааны талаар гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэх бөгөөд улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараанд зохих зөвшөөрлийг авсан байна.

          2.9. Илгээмжийг энэ журмын 2.7-д заасан гаалийн мэдүүлэг, холбогдох бичиг баримттай нь тулган шалгана.

          2.10. Гаалийн хяналт, шалгалт хийхэд хүлээн авагч  буюу илгээгчийг байлцуулах боломжгүй бол шуудангийн байгууллагын ажилтанг байлцуулах ба энэ тухай хамтран акт үйлдэнэ.

          2.11. Илгээмж нь нэр төрөл, тоо хэмжээ, хүндийн жингээрээ дагалдах баримттай тохирохгүй буюу бүрэн бүтэн биш байвал гаалийн болон шуудангийн байгууллагын ажилтнууд хамтарч акт үйлдэн шуудангийн төв байгууллагад шилжүүлнэ.

          2.12. Гаалийн бүрдүүлэлт хийсэн илгээмж бүрийн гадуур болон дотуур дагалдах баримтад түүнийг хэрхэн шийдвэрлэсэн тухай хяналтын тэмдэг дарж, гарын үсэг зурж, огноог бичин гаалийн улсын байцаагчийн хувийн тэмдгээр баталгаажуулна.

          2.13. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх илгээмжийг гаалийн байгууллага хяналтдаа авч, хяналт шалгалт хийж, сэжигтэй илгээмжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

          2.14. Улаанбаатар хотоос бусад орон нутагт байгаа гаалийн байгууллага нь өөрийн хариуцах нутаг дэвсгэрт хүлээн авах, илгээх шуудангийн илгээмжид энэ журамд заасны дагуу гаалийн бүрдүүлэлт хийнэ.

          2.15. Гаалийн байгууллагагүй аймаг, орон нутгаас хилийн чанадад илгээх илгээмжид тухайн аймаг, орон нутгийн шуудангийн байгууллагын гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаалийн шалгалт хийж, гаалийн татвар хураамжийг ногдуулна.

          2.16. Хилийн чанадаас ирсэн бөгөөд гаалийн байгууллагагүй аймаг, орон нутаг хүлээн авагч нь байгаа илгээмжид гаалийн байцаагч шуудангийн ажилтанг байлцуулан гаалийн хяналт, шалгалт хийж, татвар хураамжийг ногдуулан, нэхэмжлэх бичиж орон нутгийн шуудангийн байгууллагад хүргүүлнэ.

          2.17. Тухайн аймаг орон нутгийн шуудангийн байгууллагын гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаалийн байгууллагын ногдуулсан татвар, хураамжийг илгээмжийг хүлээн авагчид олгох үед төлүүлэн, гаалийн байгууллагын дансанд хийнэ.

          2.18.Аймаг, орон нутгийн шуудангийн байгууллага нь тус журмын 3 дугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу татвар хураамжийн мэдээгээ гаалийн байгуулагад ирүүлж, тооцоо нийлнэ.

          2.19. Монгол Улсын хууль тогтоомжоор улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараанаас гадна дор дурдсан эд зүйлсийг улс хоорондын шуудан  илгээмжээр гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглоно. Үүнд:

          а/ Үнэт цаас, Монгол Улсын үндэсний болон гадаад валют;

          б/ Иргэний биеийн байцаалттай холбогдох бичиг баримт /эх материал/;

          в/ Ариутгал хийгдээгүй хуучин гутал, хувцас, цагаан хэрэгсэл;

          г/Аюултай бараа;

          д/Түргэн муудах бараа;

          е/ Улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээхийг хориглосон бусад зүйлс.

          2.20. Улс хоорондын шуудангийн илгээмжийг дор дурдсан тохиолдолд буцаана Үүнд:

    а/ Гаалийн байгууллага хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй;

    б/ Илгээгч буюу хүлээн авагч нь гаалийн байгууллагаас ногдуулсан татвар хураамжийг төлөхөөс татгалзсан;

    в/ Хүлээн авагч нь тогтоосон хугацаанд ирж аваагүй;

    г/ Хүлээн авагчийн хаяг тодорхойгүй.

          2.21. Зөрчилд холбогдоогүй бөгөөд гаалийн хяналтын талбайд хадгалах 3 хоногийн хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй илгээмжийг гаалийн байгууллага гаалийн түр агуулахад оруулж бүртгэлээр хяналт тавина.

          2.22. Хилийн чанадад илгээх 500 ам.доллар, хилийн чанадаас ирүүлж байгаа 1000 ам.доллараас тус тус илүүгүй үнийн дүнтэй, арилжааны шинж чанаргүй илгээмжид хувь хүн, зорчигчийн хуудсаар гаалийн бүрдүүлэлт хийнэ.

          2.23. Гаалийн болон бусад албан  татвар ногдохгүй бичиг, захидал, боодол болон 2.22-д заасан үнийн дүнд багтсан илгээлтэд гаалийн бүрдүүлэлт хийсэн хөлс /хураамж/ ногдуулахгүй.

          2.24. Шуудангийн буцаах илгээмж, мөн муудсан, чанараа алдсаны улмаас устгагдах, хуулиар зөвшөөрөгдсөн бусад зүйлс агуулсан илгээмжид гаалийн болон бусад албан татварыг ногдуулахгүй.

          2.25. Энэ журмын 2.10, 2.11, 2.18, 2.21 дэх зүйлүүдэд хавсралтаар батлагдсан акт, нэхэмжлэх болон татвар хураамжийн мэдээний хүснэгтийг хэрэглэнэ.

        

Гурав. Улс хоорондын буухиа шуудан

 

          3.1. Буухиа шууданд шалгалт хийж гаалийн бүрдүүлэлт хийхдээ энэ журмын 2.6, 2.10 2.12 дахь заалтуудыг дагаж мөрдөнө.

          3.2.Улс хоорондын буухиа шуудангаар 2.19-д заасан хориглосон бараанаас үнэт цаас, валют, гадаад оронд зайлшгүй шаардагдах иргэний бичиг баримтыг илгээж болно.

          3.3. Гараас гарт буюу хаягаар хүргэх илгээмжийг шуудангийн байгууллагын ажилтанг байлцуулан гаалийн байцаагч шалгаж, холбогдох татвар хураамж ногдуулан, шуудангийн ажилтанд хүлээлгэж өгнө.

          3.4. Гаалийн байгууллага буухиа шууданг тэргүүн ээлжинд, саатал чирэгдэлгүйгээр гаалийн үзлэг шалгалт хийнэ

буцах