ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
2018-02-19

11.21 дүгээр зүйл.Гаалийн тухай хууль зөрчих

1.Гаалийн тухай хууль зөрчиж:

 

1.1.гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн;

 

 

1.2.гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлсэн;

 

 

1.3.барааны хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчилсөн, эсхүл гаалийн шалгалтаас нуун далдалсан;

 

 

1.4.гаалийн бичиг баримтыг сольсон, эсхүл засварласан;

 

 

1.5.гаалийн тэмдэглэгээг өөрчилсөн, эсхүл сольсон, эсхүл гэмтээж татвараас зайлсхийсэн болон зайлсхийхийг завдсан бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

 

2.Бараа, тээврийн хэрэгслийг нуувч болгон ашигласан, эсхүл гаалийн хяналт шалгалтаас гадуур улсын хилээр барааг нэвтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

 

3.Гаалийн мэдээллийн систем ашиглах журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

 

4.Гаалийн хяналтын бүсийн дэглэмийг зөрчсөн нь бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй холбогдолгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

 

5.Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлгөсөн, эсхүл ачсан, эсхүл буулгасан, эсхүл шилжүүлэн ачсан нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

 

6.Гаалийн хяналтад байгаа барааг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй олгосон, гаалийн хилээр гаргасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

 

7.Гаалийн зорилгоор хийх тэмдэглэгээг гэмтээсэн, өөрчилсөн, устгасан, эсхүл гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийн хүрэх газрын хаягийг өөрчилсөн нь барааг хууль бусаар нэвтрүүлэхтэй холбоогүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

 

8.Гаалийн, эсхүл бусад татвар ногдуулахгүйгээр гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд буцаан нэвтрүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

 

9.Гаалийн татвар, бусад татварыг хууль бусаар буцаан авах зорилгоор гаалийн үнийг худал мэдүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

 

10.Гаалийн татвар, бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан барааг зориулалтын бусаар захиран зарцуулсан, эсхүл үрэгдүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хууль тогтоомж, валютын ханш, тарифын хувь хэмжээг үндэслэн татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

 

11.Тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

 

12.Гаалийн удирдах төв байгууллагаас баталсан барааг мэдүүлэх журам зөрчсөн нь энэ зүйлийн 1, 11 дэх хэсэгт заасан, бусад зөрчлийн бүрэлдэхүүнгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

 

13.Хуульд заасан үүргээ зөрчсөн тээвэрлэгчийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

 

14.Гаалийн зуучлагч, мэдүүлэгч гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл хууль тогтоомжид заасан эрхээ хэтрүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

 

15.Хуульд заасан гаалийн бүрдүүлэлтийн горимын шаардлага зөрчсөн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

 

16.Гаалийн баталгаат бүсэд оруулсан бараа, тээврийн хэрэгсэл алдагдсан, эсхүл гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр устгагдсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

 

17.Гаалийн бүрдүүлэлтэд холбогдох бичиг баримтыг засварласан, хуурамчаар үйлдсэн нь энэ хуульд заасан зөрчлийн шинжгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

 

18.Гаалийн хууль тогтоомжид заасан мэдээ, тайланг буруу гаргасан, эсхүл хугацаанд нь гаргаж өгөөгүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

Тайлбар: Энэ зүйлийн 14 дэх хэсэгт заасан зөрчлийг давтан гаргасан гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрхийг цуцалж, гаргасан зөрчилд нь хуульд заасан шийтгэл ногдуулна.

-Барааг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийг зориудаар тоноглох, зориулалтыг нь өөрчлөх зэргээр нуувч болгон ашигласан бол уг тээврийн хэрэгслийг хурааж, эсхүл үнийг нь гаргуулж улсын төсөвт төвлөрүүлнэ.

-Энэ зүйлд заасан “нөхөн төлбөр” гэдэгт зөрчил гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжид заасан татвар, хураамжийг хамруулан ойлгоно.

буцах